card

Science podcast

Шинжлэх ухааны мэдлэг олгох подкаст

Контент бүтээгчид

Подкастыг байгалийн болон анагаах ухааны мэдлэгийг дэлхийн өндөр хөгжилтэй оронд эзэмшиж, тухайн салбартаа олон улсын туршлага нэвтрүүлж буй 2 мэргэжилтэн хөтлөн явуулах юм.

Болдын Уянга PhD (Harvard University, Earth Sciences)

Болдын Уянга нь 2016 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий гаригс судлалын тэнхимд Байгалийн ухааны чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан. Хамгаалсан сэдэв болон судалгааны чиглэлийн ерөнхий хүрээ нь Төв Азид эх газар үүссэн механизм, геологийн хөгжлийн түүхийн сэргээн босголттой холбоотой ба хамгийн эрт үүссэн чулуулгуудын физик, хими, биологийн онцлог шинж чанаруудыг судалдаг. Тэрээр Францис Макдоналд гэх АНУ-д геологийн суурь, хээрийн геологийн судалгаагаар алдар хүндэд хүрсэн эрдэмтний шавь юм. Б.Уянга нь Докторант байх хугацаандаа өөрийн сургуулийн эмэгтэй эрдэмтдийн клубын идэвхит гишүүнээр ажиллаж байсан ба дэлхийн хэмжээний алдар нэртэй олон эмэгтэй эрдэмтдийг тэнхимдээ урьж тэднээс суралцах боломжийг бий болгодог оюутан байв. Докторын дараах судалгааны ажлаа Японы Токиогийн их сургуульд хийсэн ба Монгол дахь өөрийн судалгааны талбайг өргөтгөн Казакстан, Өмнөд Сибирийн нутгаар явуулж өнөөг хүртэл үргэлжлүүлэн судалсаар байна. Японд Японы засгийн газрын нэрэмжит судалгааны санхүүжилт хүртэж, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож байсан ба хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн геологийн суурь судалгааны төслийг Монголд амжилттай хэрэгжүүлж байна. Мөн Японд ажиллаж байх хугацаандаа Японы залуу судлаачдын нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд ахлах сургуулиудад зочилж өөрийн мэргэжил, байгалийн шинжлэх ухааны талаар семинар, сургалтуудыг тогтмол явуулдаг байв. Энэ мэт өөрийн мэдлэг чадварыг Монгол улсын хөгжилд тэр тусмаа их дээд сургуулийн оюутнуудыг чадавхжуулах замаар хувь нэмэр оруулахаар 2019 оноос эхлэн эх орондоо ажиллаж амьдарч байна.

Б.Уянга багш Францис Макдоналд, хүү Л.Хүслэнгийн хамт докторын зэргийн хамгаалалтын дараа


Ариунболдын Өсөхбаяр M.D., M.Sc (University of Queensland, Medical Sciences)

Куинслендийн Их Сургуулийн ерөнхийлөгч Проф. Перт Хөжийн хамт, Төгсөгчдийн уулзалт Нью-Йорк, 2018

Ариуболдын Өсөхбаяр нь 2012 онд Австрали улсын Куинслендийн Их Сургуульд Биотехнологийн магистрын зэргээр (танхимын болон судалгааны) суралцаж төгссөн. Хөгжлийн биологи, тэр дундаа Бөөрний хөгжлийн биологийн чиглэлээр олон улсын хэмжээний эрдэмтэн, судлаач, профессор Мелисса Литтлийн удирдлага дор бөөрний үүдэл эсийн судалгаа хийсэн. Австралид суралцаж байх хугацаандаа нийгмийн идэвхтэй оюутан байсан бөгөөд хамт суралцаж буй биотехнологийн ангийн оюутнуудтайгаа хамтран “Куинслендийн Их сургуулийн биотехнологи ба молекул биологи судлаач” оюутны клубыг байгуулж, шинэ оюутнуудад курс сонгох, судалгааны төсөлд өргөдөл гаргах, шалгалтанд бэлтгэх талаар зөвлөгөө өгч хичээлээс гадуурх бусад үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Түүний олон улс дахь ажлын туршлага, эрүүл мэндийн болон даатгалын салбар хоорондын мэдлэг, туршлага Куинслендийн Их Сургуулиас олж авсан хувь хүний болон мэргэжлийн ур чадварууд (жишээ нь ажлын төлөвлөлт, харилцаа холбоо, шийдвэр гаргах, тохирсон боловсон хүчинд ажлыг хуваарилах, асуудлыг шийдвэрлэх / шийдэл эрэлхийлэх, сэдэлжүүлэх) нь Өсөхбаярыг Нью-Йоркт төвтэй олон улсын эрүүл мэндийн зөвлөгөө өгөх фирмд хоёр жилийн турш эрүүл мэндийн үйлчилгээний зөвлөхөөр ажиллах боломжийг олгосон.

Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй тэрээр 2019 онд Монголд буцаж ирээд мэдээллийн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний "Зевтроник" ХХК-ийг байгуулжээ.  Тус компани нь түүний олон улсын түвшинд эзэмшсэн эрүүл мэндийн үйлчилгээний мэдлэг, туршлагад суурилан Монгол дахь эрүүл мэндийн салбарын голлох үйлчилгээнүүдэд технологийн дэвшлийг ашиглан шинэлэг шийдлийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Түүнчлэн, А.Өсөхбаяр нь Аутизм ба Бусад Онцгой Хүүхдийн Академийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тус байгууллага нь хөгжлийн бэрхшээл, аутизм хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд оношилгоо, интервенцийн үйлчилгээ үзүүлж, олон улсын шилдэг туршлагыг Монголд Улсад нэвтрүүлж байна.